Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ИТХ

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ИТХ

2018 оны 01 дүгээр сарын 28-29-ны өдрүүдэд “ТӨЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ-2018” хүндэтгэлийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж өнгөрүүллээ.

2018-01-29

Арга хэмжээг нээж ИТХ-ын дарга Л.Бат-Амгалан үг хэллээ.
Энэ удаагийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын халуун ам бүлийг бүрдүүлж буй нөхөд, бусдын өмнөөс шийдвэр гаргах, олон түмнийхээ дуу хоолой болон нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөгдөх шийдвэрүүдийг гаргаж байгаа, тийм учраас нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх өндрийн хэрээр, алдах эрхгүй хариуцлага ногдож байна гэдгээ санаж, хүсэл зорилго нь тууштай, бодлого нь оновчтой, ажил үйлс нь гүйцэтгэлтэй, үр дүнтэй, үг нь хурц, ухаан мэргэн байж, дэмжигч, сонгогч, ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө хойш суух эрхгүйгээ ухамсарлаж, хувь хүний хөгжилдөө анхаарч, бүтээлч сэтгэлгээтэйгээр ажил хэрэгч байхад, ард иргэд та бүхний тусламж дэмжлэг, санаачлага хандлага, идэвхи оролцоо нэн чухал юмаа гэдгийг та бүхнийхээ өмнө цохон хэлэх нь зүйтэй юмаа.
Үйлдвэрлэлийг орон нутагтаа бий болгох, хөгжүүлэх, мөн малчин өрх бүрийг малаас гарах түүхий эдээ боловсруулдаг болгох, ялангуяа сүү цагаан идээгээ боловсруулан, зах зээлд нийлүүлэхэд бүхий л хэлбэрээр анхааран дэмжиж ажиллахыг урьтал болгон яваач үр дүнд хүрч чадахгүй байгаа нь та бидний өөрсдийн идэвхи, оролдлого санаачлага, хичээл зүтгэл сул байгааг харуулж байна шүүдээ. Зуны дэлгэр цагт малын сааль сүү элбэгшдэг энэ цаг үеийг ашиглан цагаан идээгээ арвин бэлтгэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай юм.

Мөн талх нарийн боов, цэвэр ус, борц бусад өөрсдийн гар дээр байгаа түүхий эдээ бүтээгдэхүүн болгох, орон нутагтаа үйлдвэрлэн зах зээлд гаргах боломж байгааг анхааран ажиллахыг миний бие энэхүү индэр дээрээс та бүхэндээ хандан уриалж байна.
Бид чухамхүү нэгнээ, нутаг орноо гэсэн бодол сэтгэлээ тээж, зорилго нэгтэй нийтэч хамтач байж, хичээл зүтгэл гаргаж чадвал боломж бололцоо байгааг дахин дахин хэлмээр байна.
Өнөөдөр бид 100,000 гаран мал тоолуулж, 15-н мянгат малчинтай болж байгаа нь та бүхний минь олон жилийн нөр их хөдөлмөр уйгаггүй хичээл зүтгэлийн үр шим билээ. Халуунд нь халж, хүйтэнд нь хөрч наранд нь гандаж зүтгэж яваа та бүхэндээ, та бүхнийхээ гэр бүл үр хүүхдүүдэд, орон нутгаа удирдаж авч явсан үе үеийн дарга удирдлагууддаа эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе өө.
Ингээд нутгийн удирдлагын нэгдмэл байдлыг хангаж, иргэд та бүхнийхээ эрх ашгийг эрхэмлэн дээдлэж, та бүхнийхээ идэвхитэй оролцоонд тулгуурлан, нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг , нийгмийн амьдралын асуудлыг оновчтой шийдвэрлэж, орон нутгийнхаа хөгжлийн төлөө, тууштай тэмцэн ажиллана гэдгээ амлан хэлсэн нь онцлох өгүүлбэрүүд байлаа.
Мөн энэ арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн З. Нарантуяа ирж сумын ард иргэд, төлчин эмэгтэйчүүдтэй уулзаж санал хүсэлтийг сонсож, өнгөрсөн хугацааныхаа хийсэн ажлын тайланг танилцуулан хүрэлцэн ирсэн иргэдэд Гавьжийн дугуй идээний дээжийг, тайлангынхаа хамт гардуулан, сумын ЭМТөвд бэлэн 5,000,000 төгрөг, Төлчин эмэгтэйчүүдийн арга хэмжээнд 500,000 төгрөг хандивлан дэмжиж ажиллаа. Нутгийн нийт ард иргэдийнхээ нэрийн өмнөөс эрхэм УИХ-ын гишүүндээ баярлаж талархаж байгаагаа уламжлан, цаашдынх нь ажилд амжилт хүсье ээ. Мөн дуучин Баяр-Эрдэнэ, Батболд, Отгончимэг нар энэхүү арга хэмжээнд ирж дуулж сонирхууллаа.
Төлчин эмэгтэйчүүдийнхээ дунд урлаг спортын болон бусад олон уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж шагнаж урамшуулсан юм.
”Бүтээлч эмэгтэй“ номинацид 1-р байрт Агьт багийн иргэн Л.Лхамасүрэн 2-р байрт Цэцэрлэг багийн төлчин Г.Юмчинсүрэн 3-р байрт Баянбулаг багийн төлчин М.Уранчимэг, “Төлчин мисс”-ээр 1-р байрт Б.Намжмаа, Булган, Б.Мөнхцэцэг, “Шилдэг хатан ээж” номинацид Н.Жаргалсайхан, Д.Даваа, Я.Оюунчимэг нар шалгарлаа.
Энэхүү арга хэмжээний “Спортлог төлчид” Гар бөмөгийн тэмцээнийг Агьт багийн иргэн Б.Галзагд, ИТХ-ын Тэргүүлэгч Б.Очирбат нарын гэр бүлүүд нийт 200.000 төгрөгөөр ивээн тэтгэж ажилласан ба 1 дүгээр байрт Агьт баг, 2 дугаар байрт Онц баг, 3 дугаар байрт Цэцэрлэг багийн тамирчид шалгарсан юм.
4-н багийн төлчдийн идэвхи оролцоо, ирц, дартс, цасны сумо, буухиа, олс таталт, багийн мэндчилгээ, гоцлол дуу, хошин номер зэрэг төрлүүдээр дүгнэж 2 багийг шалгаруулан 50.000 төгрөгийг батламжийг Онц, Баянбулаг багуудад гардууллаа.
Хоёр орой төлчин эмэгтэйчүүд маань Соёлын төвдөө бүжиглэцгээж олон олон азтан шалгаруулж, хөгжөөнт тоглоомууд тоглон цэнгэцгээсний дотроос сүпер азтанаар Цэцэрлэг багийн төлчин Гамаалай эгч маань шалгарч 100.000 төгрөгийг гардсан юм.
Тус арга хэмжээг Улиастай сумнаа ажиллаж амьдарч буй тус сумын уугуул Л.Содном, Л.Очирбат нарын гэр бүлүүд хүрэлцэн ирж төлчин эмэгтэйчүүддээ баяр хүргэн сэтгэлийн үгээ хэцгээж 4-н хүнд гарын бэлэг өгч, 1 азтан шалгаруулсан юм.
Мөн Ц.Баатарын гэр бүл 1 төлчинд Улсын сайн малчин Сүхийн Мажгар гуайн үр хүүхдүүд 4-н төлчин эмэгтэйчүүдэд гарын бэлэг, Д.Баттулгын гэр бүл нэг азтан шалгаруулж 200.000 төгрөгөөр дээл оёуулах эрхийн бичиг, Эрдэнэт хотноо ажиллаж амьдарч буй Х.Амаржаргалын гэр бүл 1 төлчинд гарын бэлэг өгч дэмжин ажиллацгаалаа.
Төрөлх нутгийнхаа гал голомтыг сахин, хөдөөдөө малаа маллан ажиллаж амьдарч буй иргэдээ болон биднийг дэмжин сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлсэн та бүхнийхээ гэр бүлд нийт ард иргэдийнхээ нэрийн өмнөөс эрүүл энх байж юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэж явахын өлзийтэй ерөөл өргөе өө...

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1305
510 / 39%
413 / 32%
186 / 14%
196 / 15%